БИ
Жамаараа эргэдэг хорвоогийн эрчинд орооцолдсон өчүүхэн амьтан
Жаргалаар зүрхээ чийглээд цөлөөр алхдаг цангасан сэтгэл
БИ
Буцаж эргэх замгүй буруу гишгэсэн гэнэн алхам
Бодлын манант ертөнцдөө төөрч явдаг ухаангүй бадарчин
БИ
Хагацалд зүрхээ сийчүүлж хөсөр хаягдсан хайрын үлдэгдэл
Хаалга үүдийг чинь манан зогсох хариугүй сөхөрсөн гуниг
БИ
Амьдрахаас шантраад үхлийн хаалгыг тогшиж зогсоо арчаагүй үхдэл
Араас гүйцээд ирэхгүй өнгөрсөндөө хоргодсон өөдгүй ирээдүй
БИ
Сархад, хайр хоёрт хөлчүүрхэн гуйваж алхдаг ядарсан архичин
Сар жилийн тоосонд дарагдсан хэн ч уншихгүй зузаан ном
БИ
Чиний л өмнө цэцэг болон дэлбээлэх өчүүхэн нэгэн үр
Чамаас бусдыг үл харан ойшоогч сохор нэгэн гуйлгачин